БАГШ ЯРЬЖ БАЙНА

Монголын ирээдүй цэцэрлэгийн багш, ээж аав нарын гарт бий

2019-05-23 15:56

БМДИ-ийн зөвлөх багш Н.Норжхорлоо (Ph.D)

Өнөөгийн хүүхэд багачууд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Мэдлэгт суурилсан 21 дүгээр зуун техник, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр цаашдаа улам илүү хувьсамтгай, өрсөлдөөнтэй, сорилттой болох нь тодорхой байна. Энэ нь хувь хүнээс тодорхой мэдлэг, чадвараас илүүтэйгээр өөртөө итгэх итгэл, сониуч, бүтээлч, үнэнч, шударга, махруу зан чанар, идэвх санаачилга, хариуцлага, харилцааны соёл, хамтрах, асуудал шийдвэрлэх, дасан зохицох чадвар, насан туршдаа сурч боловсрох эрмэлзэл, зүтгэл чармайлтыг шаардах болов. Эдгээр зан чанар, төлөвшлийн суурийг бага насны хүүхдэд баттай тавьж өгөх нь бидний эн тэргүүний зорилт болж байна.

Эргэн харахад

Манай улсын сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-д цэцэрлэгүүдийн орчин нөхцөл сайжирсан, хүүхдийн хамралт тогтмол нэмэгдэж ирсэн, багш нарын чадвар чансаа дээшилсэн гэх мэт ахиц дэвшил, амжилтууд олон. СӨБ-ын сургалтын үндэсний стандарт, хөтөлбөрүүд ч нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухааны ололт нээлт, өөрийн орны онцлог, бусдын сайн туршлага дээр тулгуурлан сайжирч, боловсронгуй болсоор байна. Гэхдээ алдаа, оноо, сургамж юу байв гэдгийг СӨБ-д сүүлийн жилүүдэд хэрэгжиж ирсэн сургалтын хөтөлбөр, стандартууд дээр товч авч үзье.

Онцлог, давуу тал Сул тал, сургамж:

1998 он хүртэл цэцэрлэгүүдэд мөрдөж ирсэн сургалтын хөтөлбөрүүд:

Сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдийн дунд явуулах “сургалт, хүмүүжлийн ажил”-ын зорилго, агуулгыг хичээлүүд болон хичээлээс бусад үйл ажиллагааны хэлбэр тус бүр, түүнчлэн хүүхдийн нас (бүлэг) тус бүрээр нарийвчлан зааж өгсөн нь хүүхдэд мэдлэг, чадвар, дадал хэвшлийг системтэй эзэмшүүлэх сайн талтай байв. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг ямагт анхаарч, тусгаж ирсэн. Эцэг эхтэй нягт хамтран ажиллахыг сануулж байсан. 1991 оны хөтөлбөрөөр долоо хоногт орох хичээлийн тоог цөөлж, сургуульчлах хандлагаас зайлсхийхийг оролдсон. Хүүхдэд эзэмшүүлэх зүйлсийн агуулгад төвлөрсөн бөгөөд агуулга нь уян хатан биш, сонголтгүй, тулгасан байдалтай, хүүхдийн хөгжлийн үнэлгээ тодорхойгүй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мэдлэг нэг хүнээс нөгөөд өөрөөр хэлбэл багшаас хүүхдэд дамжин олгогдоно (ехсогенетикийн онол), багш сургалтаар хүүхдийн мэдлэг, зан чанар, харилцаанд нөлөөлж болно гэж үзэж байв. Энэ нь “багш төвт” үйл ажиллагаа давамгайлахад нөлөөлсөн.

1998 оны Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт2, түүнийг дагалдан гарсан СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр (2000 он)3, зөвлөмж:

Энэхүү стандарт болон Сургалтын цөм хөтөлбөр нь сургалтын агуулгыг хүүхдийн нас тус бүрээр бус, насны үечлэл (0-2, 3-5, 6-7 нас)-ээр тогтоосноороо СӨБ-ын байгууллага, багш нарт өөрийн бие даасан үйл ажиллагаагаар хөтөлбөрийг уян хатан хэрэгжүүлэх боломж олгосон байдаг. Багшид хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ өөрөө сонгон, бүтээлчээр ажиллах, хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан, “хүүхэд төвт” үйл ажиллагаа (конструктив суралцахуй) явуулах боломж олгосон. Үүнд СОРОС-ын сангаас 1998 оноос хэрэгжүүлсэн “Хүүхэд төвт сургалтын арга зүй” төсөл зохих хувь нэмэр оруулсан. Зөвлөмжид үнэлгээний аргууд (ажиглах, тэмдэглэл хөтлөх)-ыг тайлбарласнаараа шинэлэг. Үлгэрчилсэн сэдвүүд зааж өгсөн нь сайн боловч багш нар түүнийг л дагаж хэрэгжүүлсэн. Цөм хөтөлбөрт хүүхдийн эзэмших зүйлсийг хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр, насны үечлэлээр багш талаас харж “дэмжих”, “туслах” гэх мэтээр томьёолсон нь хэмжигдэхүйц бус. Зөвлөмжид хичээлийн боловсруулалтад түлхүү анхаарсан. “Цас” сэдвийн хүрээнд боловсруулсан агуулгын задаргаа нь хэт шинжлэх ухааны агуулгад төвлөрсөн. Сургуульчлах хандлагатай.

Сургуулийн өмнөх боловсролын стандарт4 (2005 он):

Энэхүү стандарт нь ЮНЕСКО-оос гаргасан боловсролын 4 тулгуур багана [UNESCO, 2000]-ын зарчмын дагуу чадамж (competence)-д баримжаалж, хүүхдэд юуг заах вэ гэсэн оролт (Input)-д бус, хүүхдийн хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлон гаралт (Output)-д суурилан боловсруулагджээ. Стандартад бага насны хүүхэд өөрт зайлшгүй хэрэгцээтэй анхны мэдэгдэхүүнийг олж авах, хэрэглэж сурах, өөртөө үйлчлэх, бие даан тоглох, суралцах, хүрээлэн буй орчин, өрх гэр, насанд хүрэгчид, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж, нийгэмшин иргэншиж сурах асуудлыг тусгаснаараа онцлог. Хүүхдийг өөрийнх нь ахисан түвшингээр үнэлэхийг тодотгосон. Стандартын бичвэр хүнд учир багш нар ойлгож, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байв. Агуулгын 9 ай тус бүрт харгалзуулсан хүүхдийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, дадал, төлөвшил нийт 233 зүйлтэй байсан нь хэт олон. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх явцад “нэгж хичээлийн боловсруулалт” хэмээх ойлголтоор цэцэрлэгийн багш нар сургуулийн багшийн адилаар олон тооны хичээлийн боловсруулалт хийж, зааж сургах ажилд түлхүү анхаарах болсон.

“Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”5 (2011 он), дагалдаж гарсан бүлэг тус бүрийн сургалтын хөтөлбөр:

Хүүхдийн хөгжлийг Бие бялдрын хөгжил, Оюун ухааны хөгжил, Нийгэмшихүйн хөгжил гэсэн гурван айгаар авч, ай, дэд ай тус бүрээр хүүхдийн хүрэх түвшин (Output)-г систем, агуулга сайтай тодорхойлсон. Стандартыг цэцэрлэгийн багшаас гадна бага насны хүүхэдтэй ажилладаг бүх хүнд зориулахыг эрмэлзсэн, хүүхэд тухайн хөгжлийн түвшинд яаж хүрэх арга замыг тодотгосон зэрэг онцлогтой. Жич: Энэхүү стандарт нь Бага, дунд боловсролын сургалтын стандартын шинэчлэлтэй төдийлөн холбоотой бус бие даасан байдлаар боловсруулагдсан. Хүүхэд бүрийн хөгжлийн ялгаа болон тэдний чадавхыг бага анхаарсан. Энэхүү стандарт, түүнийг дагалдан гарсан сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдийн эзэмших мэдлэг, чадвар, дадал хэвшил, тэдгээрийн хэрэглээг хэт задалж (хүүхэд сургуулийн өмнөх насандаа нийт 616 чадвар, 238 мэдлэг эзэмшихээр), сургалтын агуулгыг нас, улирал, сургалтын чиглэл бүрээр томьёолсны дээр өдөрт явуулах цөөнгүй хичээл, хөгжүүлэх ажиллагааны тоог хатуу тогтоосон”6 нь багшийн бүтээлч үйлийг хязгаарлан, тэд хөтөлбөрт заасан олон мэдлэг, чадвараар хөөцөлдөх, “багш төвт” үйл ажиллагаа руу хазайхад хүргэсэн.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр7 :

(2015 он) СӨБ эзэмшилтийг “нийгмийн үйл явц” гэсэн өргөн утгаар харж, СӨБ-ын байгууллагаас гадна гэр бүл (эцэг эх)-ийг сургалтын чухал орчин гэдгээр авч үзсэн. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэж, хүүхэд бүрийг таньж мэдэх, үнэлэхэд ач холбогдол өгсөн. Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга, хэлбэрүүдийг тодорхойлж, Ажиглалтын хуудсыг боловсруулан хөтөлбөрийн хамт гаргасан. Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарсан (Ажиглалтын хуудсын асуултуудын 1/3 нь төлөвшилтэй холбоотой). СӨНХ-дэд эзэмшүүлэх олон салангид мэдлэг, чадварыг багцлан чадамжид ойртуулж, нийт 7 ерөнхий, 41 тусгай чадвар эзэмшүүлэхээр гаралт (Output) байдлаар томьёолсон. Багш, хүүхэд харилцан үйлчилж, хамтдаа мэдлэг бүтээж бий болгох (харилцан үйлчлэлийн онол) шинэлэг арга зүйг дэвшүүлсэн. Цэцэрлэгийн менежмент, бие даасан байдал, багш нарын бүтээлч үйлийг дэмжиж, сургалтын хөтөлбөр, орчин, үйл ажиллагааны зохион байгуулалт, байгууллагын соёл, эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хэрхэн хамтран ажиллахыг өөрсдөө шийдэх эрх, үүргийг цэцэрлэгийн хамт олонд өгсөн. Сургалтын агуулга, арга зүй, орчинд тавигдах ерөнхий шаардлагуудыг тодорхойлсон. Сургалтын цөм хөтөлбөрт багш нар ерөнхийдөө эерэгээр хандаж байгаа хэдий ч хэрэгжилт нь цэцэрлэг бүр дээр харилцан адилгүй байна. Удирдлагууд нь сургалт руугаа сайн орж ажилладаг, багш нар нь бүтээлч, санаачилгатай, чадварлаг хамт олон цөм хөтөлбөрийг үр дүнтэй, сайн хэрэгжүүлж байна. Гэвч хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх сургалт болон зөвлөн туслах ажил эхний жилийг эс тооцвол улс орон даяар системтэй явагдаагүй, зөнд нь орхисноос зарим судлаачид, орон нутгийн мэргэжилтэн, цэцэрлэгийн удирдлага, багш нарын ойлголтын зөрүү их байна. Багш хуучин хандлагаасаа салахгүй хүүхдэд эзэмшүүлэх хэтэрхий олон мэдлэг, чадварын хойноос хөөцөлдөх, үр дүн багатай бичиг цаасны ажил хийх, ангийнхаа хүүхдүүдийн үнэлгээг буруу нэгтгэх тохиолдлууд байна. Багш нарын хүүхдийг ажиглаж, баримтжуулах чадвар харилцан адилгүй. Мөн өмнөх шиг хүүхдэд эзэмшүүлэх зүйлсийг нэгбүрчлэн зааж боловсруулсан сургалтын хөтөлбөрийг санагалзах хүмүүс ч байна.

Ийнхүү СӨБ-ын сургалтын үндэсний хөтөлбөрүүд сайжирч, боловсронгуй болсоор ирсэн хэдий ч шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд бага анхаарснаас хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөх, доторх үзэл санаа, арга зүй нь зөрчилдөх, эргэж буцах тохиолдол гарч, бид нэлээд олон жил хүүхэдтэй ажиллахдаа “багш төвт” арга барилаасаа дорвитой салж чадалгүй “дороо дэвхцсээр” өдий хүрсэн гэж хэлж болно. Үүнд төв, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хүмүүс нэгдсэн нэг ойлголтгүй, өөр өөрсдийн итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн нь ихээхэн нөлөөлсөн. Иймд бид сургалтын үндэсний хөтөлбөрийг өөрчилж шинэчлэхдээ бага, дунд боловсролтой уялдаа холбоонд нь авч үзэх, хөтөлбөрийн хөгжлийн циклийг баримтлах, ялангуяа хэрэгжилт дээр боловсруулалтаас илүү хүч анхаарлаа төвлөрүүлж, багш бүртээ хүрч ажиллах шаардлагатай нь харагдаж байна.

Монголын ирээдүй цэцэрлэгийн багш, ээж аав нарын гарт бий

Нийгмийг өөрчлөхөд томчуудыг өөрчлөх нь удаан бөгөөд үр дүн багатай. Харин хүүхэд бүрээ боломжит дээд хурдаар нь хөгжүүлэхийн зэрэгцээ багаас нь хамгийн наад зах нь өөртөө итгэлтэй, суралцах хүсэл эрмэлзэлтэй, бусадтай ямагт мэндэлдэг, уучлал хүсэж, талархлаа илэрхийлдэг, гар, шүдээ тогтмол зөв угаадаг, хог цаас хаана ч хаядаггүй зэрэг гарын арван хуруунд багтах дадал хэвшлийг тэдний ухамсарт шингээж, үйл ажиллагаанд хэвшүүлэх тохиолдолд монголын нийгэмд маш их өөрчлөлт гарах болно. Иймд багш, эцэг эхчүүдийн хүүхэдтэй ажиллах мэдлэг, ур чадвар, харилцааны чадамжийг ямагт сайжруулах нь хамгийн чухал юм. Үүнд саналаа нэмэрлэе.

Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн багш нар, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв зэрэг үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажилладаг, цаашдаа ажиллах СӨБ-ын мэргэжилтнүүдээ гадаад, дотоодод бодлогоор чамбай болгож бэлтгэхгүй бол боловсон хүчний залгамж халаа алдагдан, СӨБ- ын хөгжлийн бодлого доголдохын сацуу нэгж дээрх практик үйл ажиллагааны удирдлага чиглүүлэг дутагдаж болзошгүй байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтуудаас гадна тодорхой асуудлаар сайн дурын семинарууд явагддаг, түүгээр мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцдаг практикийг бий болгох нь өнөөгийн төв, орон нутгийн мэргэжилтнүүд, багш нараа чадваржуулах бас нэгэн арга зам гэж харж байна.

Бага насны хүүхэд тухайн байгаа орчиндоо идэвхтэй, эмх цэгцгүй, байнга суралцаж байдаг онцлогтой. Иймээс гэр бүл (эцэг эх) бол хүүхдэд тасралтгүй, хүчтэй нөлөөлж байдаг сургалтын орчин. Иймд мэдлэг, мэдээллийн энэхүү эрин зуунд цэцэрлэгийн багш нараас гадна бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан чанартай агуулга бүхий Боловсролын нээлттэй эх (OER)-ийн цахим хуудаснуудыг бий болгож, ажиллуулах нь ихээхэн тустай байх болно.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019