БАГШ ЯРЬЖ БАЙНА

ХААЛГА БОЛГОН ӨӨР ӨӨР ТҮЛХҮҮРЭЭР ОНГОЙДОГТОЙ АДИЛ, “ХАЙРЛАХ ЖОР - ХАЙРЛУУЛАХ ЖОР“ ХҮН БҮРТ ӨӨР ӨӨР БАЙДАГ

2019-05-22 13:51

Хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахыг маш их хүсдэг. “Тэврүүлэхийг, үнсүүлэхийг, тэдэнтэй нээлттэй харилцаж байхыг эцэг эхчүүдээсээ хүсдэг

Хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахыг маш их хүсдэг. “Тэврүүлэхийг, үнсүүлэхийг, тэдэнтэй нээлттэй харилцаж байхыг эцэг эхчүүдээсээ хүсдэг. Бага насандаа авч байсан тэр мэдрэмжүүдийг авч байхыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүд нь үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөж байдаг. Аав ээжүүд “том болсон хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихлөө гэж боддог ч” хүүхдүүд материаллаг зүйлээр хангалуун байх тусмаа өөр зүйлээр дутдаг - “Хүүхдүүд хайраар дутдаг. Хүүхдүүд эцэг эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон.

Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ 20 минутын л зав гаргах л хангалттай. Жишээ нь:  

- Миний хүүхдэд өнөөдөр юу тохиолдсон. Найзуудтайгаа юу хийсэн тухай эсвэл найзуудынх нь талаар сонин сайхан сонсож болно. Юу ярих нь гол биш хүүхэдтэйгээ ярилцаж байгаа гэдэг нь л чухал.

Хүүхдийн төлөвшил эцэг, эхээс ихээхэн шалтгаалдаг. Хүүхдээ гар утсанд донтож байна. Чи байнга утсаа маажиж байх юм, гар утас хэрэглэхээ боль гэж зэмлэчихээд, өөрөө нүдэн дээр нь утсаа оролдож байвал хүүхэддээ ямар ч үлгэр дуурайлал болохгүй байна гэсэн үг. Нөгөө талаар аав ээжийнхээ зөвшөөрөөгүй үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Энэ байдал нь хүүхдийг ганцаардмал сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог. Тэгэхээр та хүүхдээ ямар байлгамаар байна өөрөө яг л тийм байх ёстой. Эцэг эхчүүд анги дээр болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг хүндээр хүлээн авч, өмнөөс нь шийдвэрлэх нь тийм ч зохистой биш. Хүүхэд даван гарах ёстой бүхнээ өөрөө туулаад гараг. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй. Харин энэ л үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар тэнхээ болж суудаг. Тэгэхээр тухайн “хүүхэд өөрөө сэтгэл зүйн боловсролтой болох ёстой.

Дээр үед томоотой, үг дуу цөөнтэй хүнийг гүндийгүй томоотой гэж магтдаг байсан бол энэ цаг үед “эрч хүчтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай ямар ч хүнтэй ойлголцдог, дасан зохицох чадвартай хүмүүсийг үнэлдэг болсон. Хүүхэддээ аль болох элэгсэг дотно сэтгэлээр хандаж, удирдан чиглүүлж аливааг зөвөөр ойлгуулах нь чухал. Цаашид учир утгыг нь ойлгуулснаар хүүхэд алдаагаа засаж залруулах гэж чармайдаг. 

Хүн бүрийн араншин төрөлхийн өгөгдөл өөр хоорондоо ялгаатай. Хүүхэд гэр бүлийн орчноос болж томчуудаас илүү стресст ордог. Тэд стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвширхаа мэддэггүй. Тиймээс аав ээжийнхээ, бусад хэн нэгний хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авч, сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг.

Жишээ нь: Хамгийн хайртай хүнээсээ Чам шиг ийм хүүхэдтэй байснаас байхгүй нь дээр гэдэг үгийг сонссон хүүхэд сэтгэлээр унаж хямардаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй ойлгохгүйгээс гадна, хүүхэд сургууль дээрээ үе тэнгийнхнээрээ шоолуулж, шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж, ганцаардан хичээлийн идэвхи нь буурдаг. 

Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гээд хайраа ил гаргадаггүй. Үр хүүхдээ хайрлаж байгаа бол түүнийгээ илэрхийлдэг. Хүүхдээ маш сайн ажигладаг. Цаг гарган сонсдог. Хайрласан сэтгэлээ илэрхийлдэг байх хэрэгтэй.

Хүүхэд уйлах, зөрүүдлэх, үеийн хүүхдээ шоглох, томчуудтай тэрслэх зэргээр стрессээ гадагшлуулдаг. Энэ нь өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө л стрессээ гаргаж байгаа хэлбэр юм. Үүнийг нь томчууд ойлгохгүй загнаж зодох гээд хүчирхийллийн аргаар харилцдаг нь буруу, тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ сайн ярилцаж тэдний оролцоог дэмжих хэрэгтэй. Жишээ нь: “Сургуулийг нь шилжүүлэх талаар тэдний санаа бодлыг сонсож, нүүхээс аргагүй байгаа бол өөрсдийнх нь саналаар шийдэх, боломжгүй байгааг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж тайвшруулах хэрэгтэй.                  

Хүүхэд бүхэнд сайн сайхан зан чанар бий. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ нэр хоч өгчихөөд байнга сануулж хэлдэг. Жишээ нь: Манай нэг сахилгагүй юм. Тэдний нэг тийм хүүхэд гэхчлэн ярьдаг.  Гэтэл тэр сахилгагүй зантай нь холбоотой давуу тал тэр хүүхдэд нь заавал байдаг. Магадгүй хурдан шаламгай нээлттэй, өөртөө их итгэлтэй хүүхэд их хөдөлгөөнтэй сахилгагүй байдаг.

Магадгүй худалч хүүхэд гэхэд хурдан сэтгэдэг, хэл ярианы ярих чадвар сайтай гээд давуу тал заавал байдаг. Гол нь бид хүүхдийнхээ давуу талыг томруулдаг шилээр товойлгон харж, тэрхүү чадварыг нь түлхүү хөгжүүлж, түүгээр нь дамжуулан сул талыг нь багасгах, арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд орчноо тусгаж, бүх зүйлийг харж, суралцаж, зориудаар сураагүй ч автоматаар тогтоодог. Жишээ нь: Ном унш гэж үглэхийн оронд нөхцлийг нь бүрдүүлж өгөх, та өөрөө хажууд нь ном уншаад байхад л хангалттай.

Хүүхэд нэгэнт буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээсээ илүү ойлгуулж, зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэд юм чинь ойлгохгүй гэдэг. Эсвэл зандарч загнаад эхэлдэг. Гэтэл хүүхэд нас насныхаа онцлогт тохирсон бүх асуудлыг ойлгох өөр өөрийн чадвартай байдаг.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ учраа олохдоо хариуцлагатай ажил хэрэгч хандаж, төлөвлөх ёстой. Хүн ажлаа төлөвлөдөг шигээ хүүхэдтэйгээ харилцахдаа цаг хугацаа зарцуулж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Жишээ нь: Хүүхэддээ хийх ажлыг нь үгээр тэгж хий! ингэж хий гэж үглэхийн оронд, хийх ёстой ажлуудыг нь хүүхдэд самбар дээр хөөрхөн дүрс зураг нааж, зурган дүрслэлээр харуулах, эсвэл хийсэн ажлыг нь урамшуулж, таван хошуу, нэмэх тэмдэг тавьж, зураг нааж, дүрсжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ хамт ажил хийж өөртөө туслуулах, өдөр тутамд нь зааж ойлгуулах, үлгэрлэх хэрэгтэй.

 

БМДИ-ийн Захирал Ж.Болормаа

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019