БАГШ ЯРЬЖ БАЙНА

БАГШ НАРЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ БОЛ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ

2019-04-16 11:04

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБ 3-р сургуулийн захирал Б.Энхболд ярьж байна.

-  Нэг дэх жилдээ ажиллаж байгаа захирлуудын сургалтад хамрагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Нэг дэх жилийн захирлуудын сургалтад 5 өдрийн хугацаанд хамрагдлаа. Таатай орчинд бид бүхний сургалт явагдлаа. Сургалтын гол агуулгад боловсролын бодлого хөтөлбөр, ажил үйлчилгээг хэрхэн бусдад үр өгөөжтэй хүртээмжтэй хүргэх, ажлын байранд хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг, мэдээлэл харилцаа холбоотой уялдуулан явуулах ур чадваруудыг эзэмшүүлэх тал дээр түлхүү анхаарсан сургалт боллоо.

Аливааг харах өнцөг хүн бүрт ялгаатай байдаг. Бэрхшээл гэхээсээ илүү боломжийг харж ажиллах нь хувь хүнээс шалтгаалдаг болов уу? Өөр бусад хүчин зүйлийг түр орхиод өөрөөс шалтгаалж өөрчилж шинэчлэх боломж багш нарт хэр их байдаг бол?

- Би сүүлийн 11 жил энэ сургуульдаа сургалтын менежерээр ажилласан. Сургалтын менежерээс захирлын албан тушаалд дэвшиж ажиллахад байгууллагын бүх ажилтан албан хаагч, сургалтын орчин, материаллаг бааз гээд олон зүйлийг хариуцдаг. Гэхдээ сургалтын менежер захирал гээд аль ч ажлыг хийх хугацаанд нэг л зүйлийг анзаарсан. Тэр бол багш нарын харилцаа хандлага. Цаг үеэ дагаад багш нар харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Харилцаа хандлагаа өөрчилж чадвал болохгүй, чадахгүй гэсэн олон асуудал шийдэгдэх боломжтой гэж бодогддог.  Энэ өөрчлөлтийг манай сургуулийн багш нараас харж болно. Эрдэнэбулган сумын 3-р сургууль, сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай аймагтаа элсэлтийн ерөнхий шалгалтаараа тэргүүлж байна. Энэ бол манай сургуулийн багш нарын ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хүүхдүүдэд мэдлэг эзэмшүүлэхийн төлөө хичээж чармайж ажилладагтай холбоотой. Мөн ахлах ангийнхны дунд ахиц амжилтыг дүгнэх сорилыг байнга авч, алдаж байгаа бодлого дээр анхаарч ажиллах гэх мэт олон талт ажлыг тогтмол зохион байгуулж байгаа нь бид бүхний энэ амжилтын гол цөм нь юм болов уу гэж боддог.  

  Нөгөө талаас багийн хамтын ажиллагаа сайн байх нь сурагчдын сурлагын чанарт их нөлөөлдөг болов уу.  Сүүлийн үед 35 хүртэлх насны залуу багш нарын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс 35-аас дээш насны багш нар залуу багш нартаа туслах дэмжих, нөгөө талаасаа залуу багш нар ахмад багш нараасаа суралцах тал дээр анхаарах нь чухал. Тиймээс багш нартаа бие биенээсээ суралцах, харилцан туршлага солилцох тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг байнга зөвлөж хэлж байна.

Ярилцсанд баярлалаа.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019