БАГШ ЯРЬЖ БАЙНА

Манай анги 76 хүүхэдтэй

2018-06-20 15:51

Баянгол дүүргийн 66–р цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Б.Жавхлантай эхний жилдээ ажиллаж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын үеэр ярилцлаа.

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын нээлтийн лекцийн үеэр та 70-аас дээш хүүхэдтэй багш байна уу гэхэд гараа өргөж харагдлаа. Таны ажлын талаар ярилцья.

Намайг Б.Жавхлан гэдэг. 2014 онд МУБИС төгсөөд цэцэрлэгийн багш болсон. Ангид маань 9 сарын 1-нд 65 хүүхэд бүртгэлтэй байсан. Яваандаа нэмэгдээд 76 болсон. Баянгол дүүргийн 2-р хороо ганцхан цэцэрлэгтэй. Дан байшин хороолол учраас хүн амын нягтаршил өндөртэй. Ер нь нэг ангид 70-80 хүүхэд бол хотын нягтаршил ихтэй хороодод байдаг л үзэгдэл. Стандартаараа бол 25-30 хүүхэд нэг ангид байх ёстой. Гэхдээ яалтай билээ хүүхэд шүү дээ, цэцэрлэгт хамруулах л хэрэгтэй. Манай ангид хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд явдаг. Тэгш хамруулан сургах бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахыг сүүлийн үед их анхаарч байна л даа. Энэ нь нэг талаараа зөв хэдий ч, нөгөө талаараа 73 энгийн хүүхдээс бараг илүү  асаргаа, анхаарал шаарддаг. Туслах багштайгаа нийлээд л үзэж тарна даа.

Гэхдээ би 76 хүүхдээ айхавтар дааж давашгүй ачаа гэж хардаггүй. Унтлагын цагаар хойд талаасаа эхлээд орой засаад дуусч байхад нөгөө үзүүрээс нь эхний унтсан хүүхдүүд сэрж байдаг, анги маань. Агаар дутагдана. Өвөл цонхоо онгойлгох боломжгүй,  ангид 2 агааржуулагч зэрэг ажиллаж байгаа хэдий ч 70 хүүхэд нэг өрөөнд байхаар ханиад томуу салахгүй гэх мэт асуудлууд бий. Гэхдээ л асуудал яриад байвал дуусахгүй, учраас би хүндрэлтэй талыг нэг их харья гэж боддоггүй. Төрөөд хүүхдээ 9 сартай байхад нь ажилдаа орьё гээд л орсон. /инээв/

Хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд явдаг гэлээ, тэд нар маань цэцэрлэгт явснаар хэр нийгэмшиж, хөгжиж байна?

Ганц би гэлтгүй ер нь манай багш нарт  энэ талын арга зүй, мэдлэг  нэлээн дутмаг санагддаг. Тусгай хүүхдүүд маань тусгай асаргаа, тусгай арга барилыг шаарддаг. Яаж ч аргадаад арга авахгүй өдөржин уйлна, хямарна. Хөгжүүлэх хичээл явагдаж байхад анхаарал хурдан сарнина, төвлөрч суухгүй гэх мэт. Энэ жил манай цэцэрлэг өргөтгөл хийж байгаа баяртай мэдээ байна. Тэгэхээр дээр яриад байгаа асуудлууд маань шийдэгдэх байх.

Таны бодлоор багш ямар нөхцөлд ажилдаа сэтгэл хангалуун байх вэ?

- Цалин бага, ачаалал их гэж зовлон тоочихоосоо илүү багшид сэтгэл санаа, удирдлагын ойлголцол илүү чухал санагддаг. Багшийгаа ойлгож дэмждэг байх хэрэгтэй. Багшид мэргэжлийн сайн туслах багш хэрэгтэй. Цэцэрлэгийн багшид компьютер асаагаад бичиг цаас боловсруулаад суух ганц минут ч байдаггүй гэтэл энэ таны хийх ёстой ажил гээд баахан үр дүнгийн биелэлт шаарддаг. Мөн цэцэрлэгийн арга зүйч гэдэг бол багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, чадварлаг хүн байх ёстой болохоос том дарга биш гэж боддог. Багшийнхаа ажлын ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгтэй болов уу. Настай багшийн ангийн хүүхдийг залуу багш нар дээр нэмж өгөх гэх мэт шударга бус зүйл байдаг.  Манай ангид гэхэд нэлээн хэдэн хүүхэд дүү нартайгаа явдаг.Уг нь тэр хүүхэд насныхаа ангиллаар бага ангид орох ёстой хэдий ч эцэг эх ч ингэж явуулах дуртай, удирдлага болохоор бага ангийн настай багшийн ажлыг хөнгөвчилнө гээд залуучууд дээр ачаалал нэмдэг.

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хөгжүүлж чадваржуулж байж тэр  хүмүүсийн нэгж дээрээ үзүүлэх эерэг нөлөө хандлага өснө. Тэр хүмүүсийн нөлөөн дор багш нар илүү зөв хандлага, чадвартай болно гэж би хувьдаа боддог.

Санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018