БМДИ-ээс аймгийн БСУГ-ын удирдлагуудтай видео хурал зохион байгуулж байна

Дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан сургалт үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу БМДИ-ээс Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын дагуу мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах тухай болон Теле хичээлийн талаар аймгийн БСУГ-ын удирдлагуудад мэдээлэл өгч, видео хурал зохион байгууллаа.

Энэ удаагийн видео хурлаар мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол болон БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хийх ажлын чиглэл болон улс орон даяар 18 телевизээр цацагдаж буй Теле хичээлд сурагчдын ирц ямар байгаа болон аймгийн БСУГ болон сургууль, багш нар сурагчидтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар санал солилцсон юм. Видео хуралд БМДИ-ийн захирал, дэд захирал мөн албадын дарга нар оролцож шаардлагатай мэдээлэл өгч ажиллалаа.

Өглөөний 10 цагийн видео хуралд Архангай, Сэлэнгэ, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь гэсэн 10 аймаг оролцсон бол өдрийн 14 цагийн видео хуралд Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд оролцсон юм. Маргааш буюу 03-р сарын 24-ний өглөөний 10:00 цагаас нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж, мэдээлэл солилцоно.