Бага ангийн суралцагчдын цээжээр, алдаагүй, зөв бичүүлж сургах аргазүй

/Тэргүүн туршлага/Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн бага боловсролын багш Банзрагчийн Амарзаяа

Боловсролын салбарт 33 жил ажиллахдаа бага ангийн багшаар 25 жил, монгол хэл уран зохиолын багшаар 8 жил ажиллалаа. Энэ хугацаанд суралцагчдыг хэрхэн яаж алдаагүй бичүүлж сургаж болох аргыг байнга эрэлхийлж, судалж ирлээ. ЕБС төгсөж байгаа суралцагчдын бие даан алдаагүй бичих, цээжээр алдаагүй бичих чадвар өнөө үед хэн бүхний, тэр дундаа багш бидний сэтгэлийг түгшээж байгааг бүгд мэднэ.

Иймд өөрийнхөө, сүүлийн 10-аад жил туршиж нэлээдгүй амжилттай байгаа аргазүйгээ хуваалцаж байна. Энэ аргыг сургуулиараа, дүүргээрээ хамтран хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй санагдсан бөгөөд тууштай хэрэгжүүлбэл суралцагчдад алдаагүй бичих чадвар эзэмшүүлэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилж багш нартайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.

Туршлагын нэр: Бага ангийн суралцагчдын зөв унших, цээжээр бичих чадварыг хөгжүүлэх аргазүй
Зорилго: Бага ангийн суралцагчдад эх хэлээрээ зөв унших, алдаагүй зөв бичих чадвар эзэмшүүлэхэд дэмжлэг болох

Хэрэгжүүлэх алхмууд:

Алхмууд Үйл ажиллагаа Хэрэгжүүлэх хугацаа Одоогийн сургалтын үед Энэ аргазүйн хүрсэн үр дүн, давуу тал
1-р алхам Сонсох чадварыг хөгжүүлэх 1-р ангийн цагаан толгойн бэлтгэл үед Түүвэр хэдэн шүлгийг шууд цээжлүүлж зорилгогүй уншуулдаг. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сонирхолд тохирсон шүлгийг систем, дэс дараалалтайгаар, үеэр зааглан хэлж цээжлүүлнэ. Энэ нь:
1. Хүүхэд сонирхож,ухамсартайгаар цээжилснээр суралцагчдын ой тогтоолт нэмэгдэнэ
2. Үеэр зааглаж унших нь хүүхдэд зөв сонсох чадварыг хөгжүүлж, үг холбож унших, үеэр сонсож бичих урьдчилсан бэлтгэл болно
2-р алхам Авиа, үсгийн дуудлагыг зөв ялгах Цагаан толгой заах үед Ихэнх залуу багш нар,эцэг эхчүүд авиа, үсгийн нэр, дуудлагыг ялгахгүй буруу зааснаар хүүхдүүд цээжээр буруу бичих нөхцөл болдог. Жишээлбэл: Г- авиа үсгийн үсгийн нэр ГЭ, дуудлага нь ЭГ гэж заах байтал ГЭ гэж зааснаас хүүхдүүд “гэнэ, гэдэг,хүргэнэ” гэх мэт үгсийг “гнэ, гсэн, хүргнэ” гэж буруу бичих тохиолдол их байдаг.

Онцлог ялгаатай, үсгийн нэр, дуудлага нь өөр хэлэгддэг Г, В, Д,Ж,З,Т,Х,Ц,Ч гийгүүлэгч авиа үсгийг зөв заах, мөн дуудлага ойролцоо М,Н, Д,Т, З,Ж, Ц,Ч, Б,В, С,Ш, Г,Х авиа үсгүүдийн дуудлагын ялгааг сайтар мэдүүлэх зэргийг анхаарч ажилласнаар хүүхэд эдгээр авиа үсгийг зөв сонсож,зөв бичиж сурахад чухал нөлөөтэй.
3-р алхам Үеүдийг сайтар уншуулж нүдлүүлэх Авиа үсэг үзэх явцад Үгийн эхэнд ордог богино, урт, хос эгшигтэй үеүдийг л уншуулж нүдлүүлдэг. 2-р үеэс хойш орсон үеүдэд ач холбогдол өгдөггүй. Үгийн 1-р үеэс хойш орсон үеүдийг уншуулж, нүдлүүлж тогтоолгох нь маш чухал. Жишээлбэл: рагч, дын, рөлх, төн, лас, ны, гийн, чил,яаст гэх мэт утгагүй үеүдийг нүдлүүлж, хэрхэн яаж унших, бичихийг зааж өгөх нь зөв бичиж сурахад маш чухал байдаг.
4-р алхам Үг холбож эхлэх үеэс эхлэн үеүдээрээ үг бүтээлгэж тоглуулах Цагаан толгойн үеийн турш Багш нар үгийг эхэн үеийн хэсэг хугацаанд үелүүлж уншуулаад удалгүй шууд уншуулах аргаар шахаж эхэлдэг нь хүүхдүүдийн унших бичихэд дасан зохицох хугацаа өгдөггүй. Хүүхэд үе холбон үг бүтээж унших аргыг сурснаар зөв унших, зөв бичих чадварт суралцахад чухал дэмжлэг болж байна.
5-р алхам Цээжээр бичүүлэхдээ байнга үеэр хэлж бичүүлэх Хичээлийн жилийн турш Урт үетэй, хүндэвтэр үгийг үелж,бусад үгийг шууд хэлж бичүүлэхэд
суралцагчид:
1. Үгээ, авиа үсэг,үеэ сайтар ялган сонсож чаддаггүй
2. Хурдан хэлдэг учраас гүйцэж бичиж чаддаггүй. 1-2-р ангийн суралцагчдад цээж бичгийг бүтэн жилийн турш үелж хэлж бичүүлснээр:
1. Хүүхдийн сонсох чадвар сайжирч, суралцагчдын хурдад тохирсон хэмнэлээр хэлж байгаа учир хоцрох, буруу бичих зүйлгүй болно.
2. Удаан хугацаанд үелж хэлснээр хүүхдийн чихэнд хоногшиж,аажмаар хурдыг ахиулан бүтэн үгээр хэлэх болон бусад тохиолдолд дүрэм үзээгүй ч зөв алдаагүй бичих чадвартай болж байлаа.

Энэхүү аргазүйг туршин хэрэгжүүлж байх явцад сургуулиас хөндлөнгийн үнэлгээ хийх тохиолдолд багшийн аргазүйн дагуу явах шаардлагатай байсан бөгөөд туршиж байх явцад хөндлөнгийн үнэлгээг оруулж өөр аргаар шууд хэлж цээж бичиг хийлгэх нь суралцагчдын урмыг хугалах, өөртөө итгэх итгэлийг мохоох зэрэг сөрөг хандлага илэрч байсныг анхаарах хэрэгтэй байлаа.

Улмаар энэ аргыг 3-5 дугаар ангид болон дунд, ахлах ангиудад хэрэглэхдээ олон үетэй үгүүдийг үелж бичүүлэх, үеийн заагийг ялган ярилцаж дүрэмтэйгээ холбон ярилцаж байх нь маш үр дүнтэй байгаа нь олон жилийн хугацаанд хийсэн ажиглалт, судалгаанаас харагдаж байна.